Бидний ажил амьдрал цаг үргэлж хөвөрч байдаг Улаанбаатар хотод та бүхний мэддэггүй олон үнэт зүйл оршин буй байдаг. Энэ нийтлэлийн гол зорилго нь “Улаанбаатар хот дахь түүх, соёл, дурсгалт барилгуудын архитектур болон интерьер талаас нь мэдлэг мэдээлэл түгээж, хэр их үнэ цэнэтэй зүйл болохыг нийтэд ойлгуулах”-д оршино. Ийнхүү та бүхэнд түүх, соёл, дурсгалын үнэт төлөөлөл болох “Монгол улсын үндэсний төв номын сан”-н барилгын интерьер болоод архитектур төлөвлөлтийг хүргэж буйдаа таатай байна.
Үүсэл хөгжил
1921 онд ардын хувьсгалд ялсанаар эрх чөлөөтэй тусгаар тогтносон улсаа байгуулж, үндэсний соёлоо хөгжүүлэх боломжтой болсон. Ардын хувьсгал ялснаас хойш 4 сарын дараа нийт ард түмэнд үйлчлэх анхны номын сангийн үндэс суурь тавигдаж, 1921 оны 11-р сарын 9нд Ардын засгийн газрын 24-р хурлын тогтоолын 3-р зүйлд Судар бичгийн хүрээлэн байгуулахаар зааж улмаар уг хүрээлэнгийн үүрэг зорилго, зохион байгуулалтыг тодорхойлж 1921 оны 11-р сарын 19нд хүрээлэнгийн дүрмийг батлан судар бичгийн хүрээлэнг албан ёсоор байгуулжээ.
1940 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн удирдлагын зөвлөгөөнөөр номын сангийн дүрмийг баталж тус номын санг “Улс нийтийн номын сан” гэж нэрлэж байх, түүний орон тоо, төсөв зардлыг нэмэгдүүлжээ. Улсын ард аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн эхний жилд улсын төв номын сангийн 3 давхар барилгад 4 сая 560 мянган төгрөгийн төсвийг баталж дараа дараагийн жилд төсөвд тусгагдаж 1951 онд одоогийн 3 давхар барилга ашиглалтанд орж, номын сангийн үйл ажиллагааг шат дараалалтайгаар өргөжүүлсэн байна.

Нэгдүгээр давхрын төлөвлөлт
Уг барилга нь төлөвлөлтийн хувьд тэгш хэмтэй, неоклассик хэв маягтай, галерейн системтэй байна. Үүдний танхим нь бараан бор хүрэн өнгийн эдлэлтэй, чулуун хавтан бүхий багануудтай, цайвар шаргал өнгийн ханатай, танхимын голд Данжуурын хөшөөтэй. Энэ орон зай нь орж ирсэн ямар ч хүнд дулаан, хүнд буюу хүндэтгэлтэй хандах ёстойг сануулах мэт. Галерейн хувьд хана нь цайвар шаргал өнгөтэй ба энэ нь хүнийг сэргэг байлгаж, суралцах орчинд таатай өнгө юм.
Хүний хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд галерейн 2 үзүүрт шатны хонгилууд төлөвлөж өгсөн байна. Уг 2 шатны хонгилоос шууд гадагш гарах боломжтой. Өрнө дахины болон Дорно дахины номын фонд нь ном хадгалах зориулалттай орон зай учраас асар том орон зайд 2 цонх төлөвлөж өгсөн. Мөн энэ 2 орон зай нь хамгийн хол захуудад байрлаж байгаа нь эртнээс уламжлагдан ирсэн судар, ховор номнуудыг хадгалдагтай холбоотой. Байнга ашиглагдахгүй номнууд гэсэн утгатай.

Хоёрдугаар давхрын төлөвлөлт
Номын сангийн 2-р давхарт захиргааны өрөө байрладаг ба бусад давхрыг бодвол илүү том хэмжээний уншлагын танхимтай. Мөн ариун цэвэр хариуцсан албаны хүмүүсийн өрөө байдаг. 2 болон 3-р давхрын хувьд Өрнө, Дорно дахины номын фонд хэсэг 1-р давхрын фондоос 2 дахин жижиг байна.

Гуравдугаар давхрын төлөвлөлт
3-р давхрын онцлог бол Өрнө дахины номын фонд байхгүй, харин хоёр Дорно дахины номын фондоос бүрддэг юм. Мөн энэ давхарт олон жижиг анги танхимууд, ном цуглуулан бүртгэлжүүлэх хэсэг, номыг ангилан хавтаслах, кодлох хэсэг байрладаг. Нэмэлтээр гал тогооны хэсэг байрладаг. Гэвч номын фондын яг хажуугийн өрөөнд гал тогоо төлөвлөх нь тийм оновчтой байсан уу? гэх асуудлыг үүсгэнэ.
Энэхүү номын сан нь зөвхөн номын сан бус улсын үнэт өв, эрдэнэсийг хамгаалах, бусдад танин мэдүүлэх, соёлын өв, хэл соёлын онцлог, үнэ цэнийг мэдрүүлдэх зорилго бүхий нэг талаас музей, нөгөө талаас номын сан юм.
Интерьер төлөвлөлт
- Төв Номын Сангийн хамгийн тансаг, хүмүүст шууд гүн сэтгэгдэл төрүүлэх орон зай бол яах аргагүй энэхүү спираль шатны хонгил юм. Гайхалтай сэтгэгдэл төрүүлэхэд нөлөөлөх зүйл нь цагаан өнгө, чулуун хавтан шал, том задгай орон зай, эртний баганууд болон баганын капител буюу оройн чимэг зэрэг юм.
- Үүдний танхим нь бараан бор хүрэн өнгийн эдлэлтэй, чулуун хавтан бүхий багануудтай, цайвар шаргал өнгийн ханатай, танхимын голд Данжуурын хөшөөтэй. Энэ орон зай нь орж ирсэн ямар ч хүнд дулаан, хүндэтгэлтэй хандах ёстойг сануулах мэт.

- Галерей болон уншлагын танхимын хувьд хана нь цайвар шаргал өнгөтэй ба энэ нь хүнийг сэргэг байлгаж, суралцах орчинд таатай өнгө юм. Мөн уншлагын танхим нь цэлгэр том орон зайтай бөгөөд үүнд тохирсон гэрэлтүүлгийн элемент /цонх, зохиомол гэрэлтүүлэг/, багана зэрэг нь орон зайг хувиарлаж байна. Хана, тааз, баганы цагаан өнгө нь орон зайг цэлгэр харагдуулах гол зүйл юм.
- Төв номын сангийн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Нэрэмжит Танхим” нь бор, алтан шаргал, цагаан өнгө болоод монументаль тавилгатай, болор гэрэлтүүлэгтэйгээр интерьерийг шийдэж өгсөн нь неоклассик хэв маягт илүү тохирсон. Мөн эдгээр тавилга, хана, шал, тааз, гэрэлтүүлэгийн элементийн материал нь хүнд тансаг мэдрэмжийг өгдөг.







Дүгнэлт
Интерьер төлөвлөлтийн шийдэлд орон зайг зөв зүйтэй хуваарьлах, тавилга болоод баганы хийц, материал өнгө зэрэгт онцгой анхаарч төлөвлөсөн ба энэ нь уншигч, үйлчлүүлэгчийн хувьд анхаарал төвлөрөх, суралцах зэрэгт таатай орчинг бүрдүүлсэн байна.
Номын сангийн барилгад бид бүхний анзаарч байгаагүй нэгэн функц бий. Архитектур төлөвлөлтийн хувьд галерейн төлөвлөлттэй ба энэ нь байгалийн гэрэлтүүлэг орохоос гадна номын сангийн арын цэцэрлэгт хүрээлэн лүү чиглэсэн байдаг. Гэвч номын сангийн барилгын эргэн тойронд өндөр барилгууд ойр ойрхон зай талбайд баригдсанаар энэхүү функц алдагдаж, цэцэрлэгт хүрээлэнгийн задгай орон зай үгүй болжээ. Үүний сөрөг нөлөөгөөр номын сангийн барилгын бие даасан байдал алдагдаж, олон нийт ард иргэдэд үнэ цэнэгүй мэт харагдах болжээ. Энэхүү сөрөг сэтгэгдэл олон нийтийн дунд байгаа бас нэгэн учир шалтгаан нь иргэдэд түүхэн дурсгалт барилгын мэдлэг, мэдээлэл хомс тул ийм сэтгэгдэл бий болжээ. Үүнийг өөрчлөхийн тулд номын сангийн барилгыг судалж, нүүдэлчин ард түмэнд цөөн хэд байгаа түүх, соёл, дурсгалт барилгын томоохон төлөөллийн мэдээллийг ба бүхэнд хүргэлээ.
Эх сурвалж:
- Үндэсний төв архивын сан хөмрөг
- http://www.nationallibrary.mn/
- https://goo.gl/maps/eRztULHAPPghgHjC8
- https://twitter.com/historicalpict1/status/785696325778018304
- https://ikon.mn/n/1om4
Гүйцэтгэсэн:
- В181320009 О.Минжмаа
- В181320019 У.Гоомарал
- В181320027 Ц.Хосцэцэг
- В181320043 Б.Сэрсэндэмид
- В181320040 Н.Өсөхбаяр
- В181320048 Б.Мөнх-Эрдэнэ