Design a site like this with WordPress.com
Get started

УДЭТ-ийн барилгын интерьер төлөвлөлт

“ Энэ бол жинхэнэ Монгол үндэсний уламжлалт хэлбэрийг анх сэдэж хэрэглэсэн уран барилгын гайхамшигтай санаачилга.”

С.Лувсангомбо

Хураангуй

1956 онд Нийслэлийн Хувьсгалт Залуучуудын эвлэлийн гишүүдийн санаачилгаар Залуучуудын ордон барих хөрөнгө хуримтлуулсан бөгөөд уг хөрөнгөөр барих ордны зураг төслийг архитектор Б.Чимэд, А.Хишигт нар зохиож, 1957 онд барилгын суурийг тавьж, 1960 оны 10-р сард ашиглалтад оруулсан. 1963 онд Улсын драмын театрыг Улсын дуурь бүжгийн театраас салган Залуучуудын ордонд Ардын дуу, бүжгийн чуулгын хамт оруулжээ. Энэ цагаас эхлэн тус барилгыг “Драмын театрын барилга” гэх болсон. Тус барилга нь 200 шахам өрөө тасалгаатай, 600 хүний суудалтай жүжгийн их танхим, 250 хүний суудалтай жүжгийн бага танхим, 500 хүний багтаамж бүхий бүжгийн танхимтай. Энэхүү барилга бүтсэн түүхэн товчоо, архитектур орон зайн төлөвлөлт болон тэр дундаа интерьер, дотор заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх нийтлэлийн хүрээнд тусгасан болно.

1.Түүхэн товч сурвалж

1.1 Улсын Төв Театр

1921 оны Ардын хувьсгалаас урлаг уран сайхны хөдөлгөөн эрчимтэй өрнөж, гэрийн театр, ордны театр болон шашны театрчилсан тоглолтоос эх авсан уран бүтээлүүд төрж байв.

30-аад оны эхээр эл уран сайханчдын хөдөлгөөнийг нэгтгэн зохион байгуулж хөгжлийн шинэ шатанд гаргах зүй ёсны шаардлага тулгарснаар 1931 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 50 дугаар тогтоол гарч “Улсын төв театр” баригдсан ажээ. 

Төв театрын эхэн үеийн бүтээлүүд нь ахуй байдлын, ёгтлол шүүмжлэлийн, улс төрийн ухуулгын гэсэн гурван үндсэн төлөвт тулгуурлаж байсан хэдий ч 1935 онд өрнө дахины бүтээлүүдийг тайзнаа тоглож эхэлсэн.

1948 оны 2 дугаар сард  том гарз тохиосон нь “Бөмбөгөр ногоон” галд өртсөн. Гэвч театрын уран бүтээл зогссонгүй, “Элдэв очир” театр болон “Улаанбаатар” ресторанд 2 жил жүжгүүд тавигдсаар байсан ба энэ нь “Залуучуудын театр” баригдах суурийг тавьсан.

Зураг 1. Он цагийн хамаарал

1.2 Залуучуудын ордон

1956 онд Нийслэлийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн гишүүд Залуучуудын ордон барих санаачилга гаргаснаар хот хөдөөгийн залуучууд, иргэд дэмжин, хөрөнгө хуримтлуулжээ. Ийн зураг төслийг архитектор Б.Чимэд, А.Хишигт нар зохион, 1957 онд Сүхбаатарын талбайн зүүн хойморт барилгын суурийн ажлыг эхэлж, 1960 оны 10 дугаар сард үүд хаалгаа нээн ашиглалтад оржээ. Улсын Залуучуудын театр “Үнэт үр” хэмээх жүжгээр нээлтээ хийн уран бүтээлийн гараагаа эхэлсэн.

1955 онд Вильям Шекспирийн алдарт “Отелло” жүжиг монгол улсад анхны удаагаа тавигдаж үүнээс хойш “Гамлет”, “Ромео Жульетта”, “Лир ван” гэх мэт дэлхийн олон сонгодгуудыг араасаа дагуулжээ.

1963 онд театр урлагийн төрлүүд цаг үеэ даган бие даасан шинжтэй болон хөгжиж, зохион байгуулалтын хувьд өөрчлөлт хэрэгтэй байсан тул Улсын Дуурь бүжгийн театрыг Улсын Драмын театраас салган тусгаарласан. 

1966 онд Улсын драмын театрын 36 жилийн ойг тохиолдуулан театрыг Монголын утга зохиолын шинэ үеийг үндэслэн байгуулагч их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит театр болгосон. 1971 он гэхэд театр урын сандаа 100 гаруй бүтээлтэй, үзэгч олноо гайхуулан баясгаж байсан тул Академик хэмээн цол хүртэн 1981 онд Улсын Драмын Академик театр болгон нэрээ өөрчилжээ.

1980-аад оноос нийгмийн үзэл суртал өөрчлөгдөж, хаалттай юмс нээлттэй болж, ардчилсан хөдөлгөөн хүчээ авж эхэлсэн билээ. Үүнийгээ ч дагаад урлаг соёл өөрчлөгдөн, хөрөнгөтний гэгддэг байсан бүтээлүүд Монголын театрын тайзнаа тавигдаж, тэр хэрээр иргэд шинэ ертөнцтэй танилцаж эхлэв. Мөн 1994 онд  театр Үндэсний Жүжгийн Академик театр, 2002 онд Улсын Драмын Эрдмийн театр хэмээн тус тус өөрчлөгдөж байсан.

Залуучуудын ордонг барьж буй байдал. 1959 он

Залуучуудын ордон. 1960-аад он

Залуучуудын ордон. 1960-аад он /өнгөт диапозитив/

Эх сурвалж: https://ikon.mn/n/1thf, https://www.barilga.mn/n/11082/

Зураг 2. Б.Чимэдийн таталбар зургууд. Залуучуудын ордон

Эх сурвалж: Улсын төв архивийн сан хөмрөгөөс

2. Архитектур, чимэглэлийн хэв маяг болон хийц бүтэц, эдлэхүүн, фасад

Улсын Драмын Эрдмийн Театрын гол нүүр тал нь зүүн хойд зүг харсан ба энэ талд гол орц бүхий 3 хаалга, барилгын чухал элементүүд болох багана, дээврийн гонх зэрэг байрлана.

 Эх сурвалж: https://ikon.mn/n/1thf https://www.barilga.mn/n/11082/ http://www.mglnews.mn/content/read/66928.htm

Драмын театрын талаар инженер С.Лувсангомбо бичихдээ: “Драмын театрын барилгын сүр жавхаа, овор, багтаамж хэмжээ, дөрвөн талын ба нүүр тал, гол орц нь хэвшмэл модульд нэгдэн зохицсон бөгөөд үүд талдаа барилгын сүр жавхааг илрүүлэх 8 баганатай, нүүрэвч томруун байгуулсан. Энэ бол жинхэнэ Монгол үндэсний уламжлалт хэлбэрийг анх сэдэж хэрэглэсэн уран барилгын гайхамшигтай санаачилга байлаа. Багана, тулгуурын толгойд морин толгойн баримал хэрэглэх нь өөр хаана ч байхгүй, хэнтэй ч хольж хутгаж болохгүй, үнэхээр Монгол үндэстний уран барилгын хэлбэр мөн болох нь баталгаатай.” хэмээжээ.

Эх сурвалж: https://www.barilga.mn/n/8590/ , https://www.instagram.com/mongolianvisuals/

Зүүн тал

Улсын драмын эрдмийн театрын зүүн нүүр тал нь зүүн урд зүгрүү харсан бөгөөд үндсэн 2 хаалга, цонх, террас болон үндсэн элементүүд багтана.

Тухайн нүүрэн тал дээр судалгаа хийхэд бусад фасаднуудаасаа эвдрэл гэмтлийн хувьд харьцангуй их байсан бөгөөд террас буюу ашиглагддаггүй задгай хэсэгт тайзанд ашиглагддаг ихэнх төхөөрөмжүүдийг овооруулж тавьсан байсан. Барилгын суурь нь чулуун хийцтэй.

Баруун тал

Баруун фасад нь ажилчдын орц гарцтай. Хаалгаруу өгсөх шат нь чулуун. Уг фасаданд неоклассик загвартай террас байдаг ба террас хэсгийн хашлагын өнгөлгөө нь ховхрон нурж, доторх материал нь харагдаж байна. Хашлага хоорондын багануудын өнгөлгөө ховхорсон. 

Фасадны пилястр чимэглэлийн суурь нь өнгөө алдсан. 1 давхрын цонхнууд нь төмөр тавцантай тул зэвэрсэн байна.

Эх сурвалж: УДЭТ-ын сэргээн засварлах төсөл- dib.mn

3. Барилгын төлөвлөлт, зохиомж болон эзлэхүүн төлөвлөлт

3.1 Хөдөлгөөний схем 

Зураг 3. 1-р давхрын байгуулалт , хөдөлгөөний схем

УДЭТ барилгын 1-р давхрын байгуулалтыг функциональ схемээс хамааруулан 2 хэсэгт хуваан авч үзсэн. Үүнд:

  • Үзэгчдийн зорчих хэсэг
  • Ажилчдын зорчих хэсэг багтана.  

Тухайн 2 хэсгийг харгалзан авч үзэхэд үзэгчдийн зорчих хөдөлгөөн нь шугаман болон тойрог, түүнээс гарсан цацраг хөдөлгөөнд зорчих бол ажилчдын хэсэг ихэвчлэн шугаман хөдөлгөөнийг үүсгэнэ. Мөн ажилчдын хэсэг дундаа тайзны хэсэгт жүжигчид олон төрлийн хөдөлгөөн хийх бөгөөд үүнийг харгалзан холимог хөдөлгөөн зонхилно гэж үзсэн.  

Тухайн барилгын гол орц болон гарц нь мөн зорчигч болон үзэгчдийн хэсэгт хуваагдаж байгаа. Иймээс үзэгчдийн хэсгийн гадагш болон дотогш зорчих хөдөлгөөнийг үүсгэж буй хаалганы хувьд 1 үндсэн орц, гарцын чиглэл байгаа бол туслах орцын хувьд 6 хаалганаас бүрдэнэ. Харин ажилчдын зорчих хэсгийн хувьд авч үзвэл 1 үндсэн гол орц, гарц бүхий хаалга, мөн туслах орц, гарц бүхий 8 хаалганаас бүрдэж, зорчих хөдөлгөөнийг үүсгэнэ.

Суурийн байгуулалт

Зураг 4. Хөдөлгөөний схем. Суурийн давхрын байгуулалт

УДЭТ-ийн барилгын суурийн байгуулалт дээр хөдөлгөөний үндсэн схемийг тодорхойлон авч үзэхэд холимог хөдөлгөөнийг бий болгож байсан ба холимог хөдөлгөөнийг дотор нь:

  • Тойрог хөдөлгөөн
  • Цацраг хөдөлгөөн
  • Шугаман хөдөлгөөн гэж хуваан авч үзсэн.

3.2 Барилгын төлөвлөлт ба зохиомж

 Байршлын хувьд Сүхбаатар дүүргийн I хороо, Сөүлийн гудамжны зүүн үзүүрийн урд хэсэгт байрладаг энэхүү барилгын ажлын зургийг үзэхэд тэнхлэг хоорондын хэмжээ 58 х 58 м байх ба баруун зүүн тал нь тэгш хэмтэй төлөвлөгдсөн байдаг . Барилгын их танхимын дээвэрт анх удаа 18 м – ийн алгасалтай төмөр фермийг хэрэглэсэн нь тухайн үедээ барилгын бүтээцийн том амжилт байжээ.

Зураг 5,6 . Байгуулалт дээрх хөдөлгөөний аксонометр схем ба ажлын зураг.

Мөн техникийн шаардлагаар тайзны дээр гонх хийх болсон байдаг. Гэхдээ гонхны хэсэг нь барилгын дээр байрлуулсан нэмэлт байгууламж шиг харагддаг.

Залуучуудын ордон буюу одоогийн Улсын Драмын Театрийн суурийг 1957 онд урьд нь байсан Ардын засгийн гаалийн хорооны уужим хашаанд тавьсан. Б.Чимэд гуай бол Монгол шинж төрхтэй орчин цагийн архитектурыг эхлүүлэгч бөгөөд энэ арга барилаараа уран бүтээлээ туурвигч юм. Тэрбээр архитектурын 22, хот төлөвлөлт, цэцэрлэгжүүлэлтийн 5, интерьер дизайны 3, хөшөө дурсгал, сүрлэг байгууламжын 11, нийт 41 бүтээл туурвисан.

Зураг 7. УДЭТ нүүр тал

Эх сурвалж: Улсын төв архивийн сан хөмрөгөөс

Тус барилгын бас нэг онцлог нь улсын төв музейн барилгатай адил гол орцны хэсэг чимэглэлтэй байдаг. Ялгаатай нь морин толгоотой багана юм. Барилгын ажлын зурагт баганын толгойг таван хошуу малын нэг хонь буюу эцэг мал хуцны толгойг дүрсэлжээ.  Энэхүү барилга нь үндэсний хэв маягтай, дээрээ гонхонтой, дөрвөн талдаа европын сонгодог архитектурын баганыг морьны толгой, чандмань эрдэнээр хослуулан чимэглэсэн баганатай, нүүрэн талын портал буюу гол хаалгыг илүү  сүртэй тод томруун харагдуулахын тулд морины толгойтой найман баганыг нүүрэн талд төлөвлөж өгсөн байдаг

МУ-ын Гавьяат барилгачин С.Лувсангомбо гуай: “Энэ бол монгол үндэсний уламжлалт хэлбэрийг анх сэдэж хэрэглэсэн уран барилгын гайхамшигтай санаачилга байлаа. Монголчууд тэсвэр хатуужил, чадал тэнхээ сайтай дайчин хүлэг морио хайрлаж итгэж биширч ирсэн түүхтэй. … 8 багана нь эзэн Чингис хааны эрдэнэт домогт 8 шаргын тухай зөн мөрөөдөл, бахархал дурсамжийн баталгаа, мөн монгол түмний “наашлахын найм” гэж үзнэ.” хэмээн  бичсэн байдаг.   Тийм ч учраас монголын үндэсний архитектурын сонгодог өв болох Драмын театрын барилга нь Азийн Архитекторуудын Холбоо (ARCASIA)-ноос гаргасан Тунхаг бичигт заагдсан “баригдаад 50, түүнээс дээш жил болсон, түүхэн он цаг, соёл, урлагийн ач холбогдол, үнэ цэнэ, ур хийц, дахин давтагдашгүй байдал” зэрэг шалгуурт нийцэж 2010 онд “Азийн архитектурын өв”-өөр бүртгэж, “ARCASIA HERITAGE” хэмээх хоёр боть номонд хэвлэгдэн баталгаажсан билээ.

3.3 Функциональ схем

Зураг 8. УДЭТ-н функцоиналь схем

Дотоод функциональ схемийн хувьд гол болон туслах орон зайн хэсгүүдээс бүрдэнэ. Орох хаалгаар нэвтрэхэд баруун болон зүүн жигүүрт билет борлуулах хэсэг буюу касс байрлана. Харин үүдний төв хэсэгт вестибюлний задгай орон зай байх бол цааш салбарласан хоёр жигүүрт шат болон фойе байрлана. Барилгын төв хэсэгт гол функц болох тайз болон үзэгчдийн танхим байрлах ба тайзны арын хэсэгт ажилчдад зориулсан хувцас солих, гоёл чимэглэл хадгалах зэрэг өрөө тасалгаа багтана.

3.4 Эзэлхүүн төлөвлөлт

Зураг 9. УДЭТ-н эзэлхүүн төлөвлөлт

4. Интерьерт ашигласан өнгө будаг, тавилга хэрэгсэл болон дотоод засал чимэглэл

Үүдний хэсэг

Үүдний хэсгийн засал чимэглэлийн өнгө төрх нь улаан хүрэн, цагаан болон алтан шаргал өнгөнүүдээс бүрдсэн байдаг.

Материалын хувьд шалны хэсэг нь голцуу чулуун хавтангуудаас, багана таазны хэсгүүд нь цагаан өнгийн гипснээс, ханын хэсгүүд нь улаан шар өнгийн зохиомжтой ханын цаас, гипсэн болон чулуун хавтан чимэглэлүүдээс тус тус бүрдсэн. Алтан өнгийн, шилэн чимэглэлтэй абажурууд үүдний хэсгийн гол гэрэлтүүлэг болно. Хана, шал, тааз, хаалганы чимэглэлд бүгдэд нь хээ угалзан чимэглэл оруулж өгсөн.

Коридор

Коридорын хэсгийн шал нь дөрвөлжин хуваалттай хар цагаан модон паркетнаас тогтсон. Тааз, ханын дүр төрх нь үүдний хэсэгтэй хосолсон өнгө, хэв маягтай бөгөөд хананд нь театртай холбоотой дурсгал, шагнал, жүжигчдийн зургуудыг өлгөн байрлуулсан.

Үзвэрийн танхим

Үзвэрийн  танхим нь театрын бусад хэсгийн ансамбльтай зохицсон, улаан хүрэн, алтан шаргал, цагаан хүрэн өнгөтэй чимэглэлүүдээр засагдсан.

Тааз ханын хэсгүүдэд цагаан, шар өнгүүдийг зохиомжлон чимсэн байх ба тухайн чимэглэлүүд нь алхан хээ, өлзий хээ, пилястер элементүүдийг дундаа багтаасан. Шал, суудал болон хөшгүүдийг улаан хүрэн даавуу, дрожиор чимсэн.

Доод давхар

Доод давхрын чимэглэл нь харьцангуй даруухан чимэглэлтэй. Шал нь цайвар шар, цагаан өнгийн хулдаас,хана нь алтан шаргал өнгийн ханын цаас, таазны хэсэг нь цагаан гипсээр тус тус чимэглэгдсэн. Энгийн гэрэлтүүлэгтэй. Доод давхарт 2 толь байх бөгөөд толь ний дээд хэсгийн хагас дугуй цагаан хээгээр чимэглэсэн. 

Үүдний хэсэг

Коридорын хэсгийн багана

Үзвэрийн танхим

Доод давхар Эх сурвалж: https://www.google.com/maps/

Эх сурвалж: УДЭТ-ын үзвэрийн танхимын сэргээн засварлах төсөл- dib.mn

5. Дүгнэлт

Анх хоосон орон зайд өөрийн гэсэн орчин тойрны газартай байсан театр нь одоогийн байдлаар хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй, авто машины зогсоол хангалтгүй орон зай болж хувирсан. Театрын баруун талын ногоон байгууламжтай квартал орон зайд буган хөшөө 2 ширхэг байдаг хэдий ч хүрээлэн буй орон зай тухгүй, хөшөөг халхалсан байдаг.

УДЭТ-ийн барилгад одоогоор хамгаалалтын бүс гэж байхгүй бөгөөд урд болон зүүн талаараа өндөр шилэн барилгуудад хүрээлүүлсэн байдалтай байна.

Монголын архитектурын сор бүтээлүүдийн нэг болох Улсын Драмын Эрдмийн Театрын барилга байгууламж нь түүх хийгээд урлаг уран сайхан, соёлын гэрч билээ. 

Зураг 10. УДЭТ-н харагдах байдал

6. Ашигласан материалын жагсаалт

Гүйцэтгэсэн:

  • B141320136 Б.Баттулга
  • B171320009 Б.Энхэлгэнэ
  • B171320015 Д.Лхагвадулам
  • B171320134 Ө.Энхжин
  • B171320151 Б.Хүслэн

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: